“Монголын уламжлалт анагаах ухааны түүх”-ийн 4 боть ном нь монголчуудын өвөг дээдэс, монголчууд өнгөрсөн түүхийн хугацаанд анагаах урлаг засал, эрүүл амьдрах ухааны талаар асар их зүйлийг бүтээснийг судлаачийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр нээн илрүүлж, олон талын нотолгоо, баримтанд түшиглэн бичсэн бүтээл бөгөөд үүгээрээ Монголын оюуны санг баяжуулахад хувь нэмрээ оруулжээ. Монголын уламжлалт анагаах ухааныг өрнө, дорнын уламжлалт ба орчин цагийн анагаах ухааны арга технологитой харьцуулан жишиж, өнөөдрийн өдөр хүртэл олон орны эрдэмтэн судлаачдын ойлгож ирсэн Монгол-Төвдийн анагаах ухаан гэсэн ойлголтыг Ш.Болдын судалгаа зуун наян хэмээр бүтэн өөрчилж өргөн утгаараа Монголын анагаах ухаан, явцуугаар бол Монголын уламжлалт анагаах ухаан гэсэн цоо шинэ нэр томъёо (термонологи)-г дэлхийн анагаах ухааны судлалд нэгэн мөр болон өгч чаджээ. Энэ бол шинжлэх ухааны “нээлт” мөн.
Социализмын үед Монголын анагаах ухааныг 1921 оноос эхэлсэн 90 жилийн түүхтэй гэсэн ахар мөчид ойлголтыг 5000 жилийн настай анагаах ухаан гэж баталлаа. Судлаач бүтээлдээ өөрийн орны анагаах ухааны үүсэл, хөгжил ололтыг олон арван эх сурвалжид тулгуурлан шинэчлэн тогтоож, онол, арга билиг, эмчилгээний талаар арав гаруй шинэ санааг олж дэвшүүлсэн нь онолын төдийгүй, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх практикийн ач холбогдолтой болжээ.
Ш.Болдын бүтээлээс гадаад, дотоодын олон эрдэмтэд ишлэл авснаас АНУ-ын судлаач Craig R. Janes, Casey Hilliard. C Kletter, S Glasl, T. Thalhammer, S, БНСУ-ын эрдэмтэн Park Hwan-young, Румын Улсын эрдэмтэн Mihaela Serbulea нарыг дурдахын зэрэгцээ Franklin:Penn Libraries Catalog-д тавигдаж, БНХАУ-ын ӨМӨЗО, Японд зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөл авч хэвлэсэн нь монгол эрдэмтний бүтээл дэлхийд үнэлэгдэж байгаагийн том жишээ юм.
Энэ бүхнээс үзэхэд Академич Шаравын Болдын монгол, англи хэлээр туурвисан Монголын анагаах ухааны түүхийн “таван цогц бүтээл” ач холбогдлоороо эх орны төдийгүй олон улсын шинжлэх ухааны эрэлт хэрэгцээнд хүрсэн бүтээл болж чаджээ.
No comments:
Post a Comment