Monday, March 31, 2014

Ертөнцийн гурав

                                                                Ертөнцийн гурав

Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан
Эрдэм ном дээд баян
Үр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян
Сал онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Нохой сайтын хот бардам
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан
Салхит тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины давхих нэг хурдан

Цасанд мөр хар
Цаасанд бичиг хар
Зарганд үг хар
Эрдэнэд алт нэг шар
Эдэд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар
Шивнээ үг нөхөрт харш
Шиврээ бороо дээлэнд харш
Их санаа биед харш
Унтах үхэхийн хагас
Унгах баахын хагас
Уурлах галзуурахын хагас
Баян хүнд худалдаачин янаг
Бааран хүнд нохой янаг
Ховч хүнд ноён янаг
Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал
Ой сайтай хүн нэг цовоо
Онгон талын туурайтан нэг цовоо
Онц сурдаг хүүхэд нэг цовоо
Ахмадын үгийг сонсдоггүй бол нэг муу
Аав ээжээ асардаггүй бол нэг муу
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу
Оосор бүчгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том
Хаднаас хальж үхсэн хаг шаазгайн мах нэг олддоггүй
Модноос унасан морин шоргоолжны мах нэг олддоггүй
Хийдэд суугаад турж үхсэн гэлэнгийн мах нэг олддоггүй
Үхэртэй хүнд газар хол
Үгүйрсэн хүнд юм хол
Үхсэн хүнд дэр хол
Нумгүй явбал ав дээр гэмшил
Номгүй лам хурал дээр гэмшил
Үйлгүй хүүхэн өгсөн газар гэмшил
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус
Харамч эм гэрийн буг
Хавтай түлээ галын буг
Хатсан ховоо худгийн буг
Эрэг рүү буусан ус нэг догшин
Эмээлээ хөглүүлсэн морь нэг догшин
Эхнэрээ голсон хархүү нэг догшин
Сая буусан бэр нэг цэгц
Нуурт буусан нугас нэг цэгц
Хүлэг морины дэл нэг цэгц
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай таглаагүй нэг дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу
Худгийн усанд загас үгүй
Хууч үгэнд худал үгүй
Хөндий тэнгэрт шат үгүй
Хууран мэхлэгч үнэгтэй ижил
Хувхай мод хадтай ижил
Хуншгүй хүн хөгцтэй ижил
Худалч хүний нээрээ олон
Хуурамч хүний хөөрхий олон
Хуудуу хүний за олон
Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн
Хаднаас гарсан хайрга нэг ширүүн
Хааны тогтоосон хууль нэг ширүүн
Аманцар морь авын шившиг
Аальгүй авгай гэрийн шившиг
Хэрүүлч хүн хээрийн шившиг
Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтоох нэг бэрх
Үхэргүй хүн намрын цагт гутамшиг
Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг
Эрдэмгүй хүн номын газар гутамшиг
Хоол ихэдвэл бөөлжис балай
Хог ихэдвэл новш балай
Хов ихэдвэл хэрүүл балай
Муу муудаа бар
Муур хулганадаа бар
Муна гадсандаа бар
Төмөр болд хатуу боловч удаандаа элэгдэж барагдах
Тэргэл нар том боловч удаандаа шатаж барагдах
Тэрэгний тэнхлэг бөх боловч удаандаа тасарч барагдах
Ус байваас замаг байна
Уул байваас зам байна
Ухаантан байваас засаг байна
Уул хэдий өндөр боловч оргилтой байх
Далай хэдий гүн боловч ёроолтой байх
Тал хэдий уудам боловч хөвөөтэй байх
Үнэн үгэнд худал байхгүй
Үхрийн эвэрт цас байхгүй
Өмх модонд хавч байхгүй
Авир зангаа засахгүй бол нэрээ барах нь холгүй
Ашиг хөрөнгөө аривлахгүй бол юмаа барах нь холгүй
Архи дарсаа болихгүй бол амиа алдах нь холгүй
Үл ханах ховдог санаатан эд малд баярлах
Үлэмж дээд ихэс дээдэс үнэн номоор явбал баярлах
Үргэлж хөөрөмхий онгироо зант хүн мэдвээс баярлах
Өсч буй хөвгүүнд өс битгий бод
Өтөлж буй хүнд өр битгий тавь
Өшиж буй хүнд сэрэмж битгий алд
Үнсээ битгий өвстэй газар асга
Үхрээ битгий шүлхийтэй газар бэлчээ
Өвөлжөөгөө битгий жавартай газар барь
Сохор үхэрт худаг бүү үзүүл
Солиотой хүнд хутга бүү бариул
Согтуу хүнд архи бүү хундагал
Алхахаасаа урьд гүйхийг бодох
Амтлахаасаа урьд цадахыг бодох
Авлахаасаа урьд өвчихийг бодох
Оёхоосоо урьд гоёхыг бодох
Олохоосоо урьд зарахыг бодох
Оочихоосоо урьд залиглахыг бодох
Аавыгаа санавал авгыгаа бод
Ээжийгээ санавал нагацыгаа бод
Ахыгаа санавал бэргэнээ бод
Эрдэм багатын бодлого богино
Энэрэл муутын нас богино
Эмээл муутын ганзага богино
Баян бүхэн өглөгч биш
Баатар бүхэн мөнх биш
Багш бүхэн эрдэмт биш
Зам бүхэн шулуун биш
Жуумалзсан бүхэн нөхөр биш
Зөрсөн бүхэн дайсан биш
Зурам том ч тарвага биш
Зул гэрэлтэй ч нар биш
Зураг сайхан ч бурхан биш
Бартаа сайтын үнэг бардам
Багш сайтын шавь бардам
Барлаг сайтын ноён бардам
Бэр сайт хадам бардам
Билүү сайт хутга бардам
Бэлчээр сайт мал бардам
Хөх тэнгэр үүлсээр баян
Хөрст газар үндсээр баян
Хөлгүй далай загасаар баян
Агсам моринд амар заяа алга
Ааштай хүнд аз жаргал алга
Ажилч хүнд амсхийх зав алга
Зовлон олон бол сэтгэл амаргүй
Зүүд олон бол зүрх амаргүй
Зоос олон бол санаа амаргүй
Атаат дайснаа дарвал төгс баяр
Ахан дүүсээрээ цуглавал тэргэл баяр
Ахин нас нэмбэл буянтай баяр
Итгэсэн бүхэн анд биш
Инээсэн бүхэн жаргалан биш
Ичсэн бүхэн шившигтэй биш
Нэрсэн бүхэн охь биш
Мэдсэн бүхэн эрдэм биш
Мэлзсэн бүхэн үнэн биш
Хүлгийн сайн эмээлдээ биш
Хүний сайн зүсэндээ биш
Хөрөнгийн сайн өнгөндөө биш
Эдтэй болгон баян биш
Эвтэй болгон нөхөр биш
Эрхтэй болгон ноён биш
Цолд хүрэх бөхийн бах
Чоно агнах авын бах
Цойлж тодрох эрдмийн бах
Ажилсаг хүний хөлс арвин
Аманцар хүний шүлс арвин
Айрагчин хүний шээс арвин
Албат боолд ноён арвин
Аргалын шаранд эзэн арвин
Алт мөнгөнд бузар арвин
Харамч хүнээр сан бүү бариул
Хатуу түшмэлээр хууль бүү бариул
Хашир ноёноор тамга бүү бариул
Тоо мэдэхгүй хүнд данс бүү бариул
Томоо муутай хүнд тамга бүү бариул
Тооцоо муутай хүнд сан бүү бариул
Чанар сайтай хүний ам нэг бат
Чармайлт сайтай ламын эрдэм нэг бат
Цээж сайтай мэргэдийн мэдлэг нэг бат
Бат чин зоригоор номын шимийг авах
Бахдах сайхан үгээр мэргэдийн эрдмийг авах
Баярт сайхан царайгаар олны дурыг авах
Дээл нэг захтай байдаг
Гэр нэг өрхтэй байдаг
Хүн нэг тэргүүнтэй байдаг
Ус нэг эхтэй байдаг
Уд нэг угтай байдаг
Учир нэг шалтагтай байдаг
Хүлгээс сайн хүлэг байдаг
Хүмүүсээс сайн хүн байдаг
Хөрөнгөнөөс сайн хөрөнгө байдаг
Хөхөрч байгаа уулын цаана бас уул байдаг
Хөндөлсөж байгаа усны цаана бас ус байдаг
Хүсч байгаа хүслэнгийн цаана бас хүслэн байдаг
Оёдог нь байхад урдаг нь байдаг
Олдог нь байхад үрдэг нь байдаг
Онгирдог нь байхад номхруулдаг нь байдаг
Цаг цагаараа байдаггүй
Цас хүнгараараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Эцэг эхгүй хүний гуниг нэг бараан
Эрдэм номгүй хүний цээж нэг бараан
Эрдэнэт сүрэггүй айлын хот нэг бараан
Хүн залуугаараа байдаггүй
Хүлээс чангаараа байдаггүй
Хүлэг унагаараа байдаггүй
Зураач хүний будаг арвин
Зусарч хүний балаг арвин
Зурхайч хүний төөрөх арвин
Навч зулгаавал дахин нахиалах цаг байдаг
Нар шингэвэл дахин мандах цаг байдаг
Нас барвал дахин мэндлэх цаг байдаг
Хандгайн чөмөг тогоонд багтахгүй
Хайнагийн шар аралд багтахгүй
Харийн хүн хойморт багтахгүй
Олонд тус хүргэгчийн бие амар
Олз гарз үл бодогчийн эдлэл амар
Осол мууг тэвчигчийн санаа амар
Сэтгэлийг хөгжөөх нь дууны аяс
Санааг баясгах нь хөгжмийн аяс
Салхийг урих нь исгэрээний аяс
Морийг унан унасаар жороо болгоно
Төмрийг давтан давтсаар зэвсэг болгоно
Хүүхдийг сурган сургасаар хүн болгоно
Эгэл жирийн хүн эд малыг сайнд бодох
Эрхэм дээд номчин өглөг буяныг сайнд бодох
Эгнэгт загатнах хамуутан маажиж өгсөн хүнийг сайнд бодох
Эрдэм муутын бодлого богино
Эмээл муутын ганзага богино
Энэрэл муутын нас богино.

No comments:

Post a Comment