Thursday, April 10, 2014

Домог 1

  Домог

Адуу

Эрт урьд цагт ганц гүүтэй хүн нэг нуурын захад байжээ. Тэгтэл гүү нь унагалаад унага нь босож чадалгүй гулссаар нууранд унаад үхчихжээ. Эхнийх нь дэлэн чинэрээд байхаар сүүгий нь саагаад хураагаад байж гэнэ. Тэр айл ууланд суудаг даяанчид өргөл өргөдөг байжээ.
Даяанчдаа:
“Ганц гүүтэй байсан, унага нь ингээд үхчихлээ. Эхийнх нь дэлэнг дундрааж саагаад байтал сүү нь нэг хачин сайхан амттай юм” гэхэд даяанч “Түүнийгээ аваад ир! Тэр чинь айраг юм. Тэгээд та нар хэн эртэй бяртай нь одонд бугуйл, цалам уяад бай” гэв. Зэхэж байтал тоосорч манан будан болж байгаад тэнгэрээс олон адуу бууж ирж хүмүүс чадалтай нэг нь хэд хэдийг барьж авчээ. Ингэж хүмүүс адуутай болсон гэнэ. Хүн анх адуунаасаа их айдаг байсан учир “айдаг” гэж нэрлэж байснаа сүүл сүүлдээ “адуу” гэх болсон юмсанжээ.

Хүн, мал идэх болсны учир

Уг нь бурхан багш хүн мал хоёрыг “Аль аль нь хооллож байг” гэж өвс ургамал буй болгож өгчээ. Гэтэл хүн малынхаа хөлийг боож богочилж хаяад аль сайхан амттай, өнгөтэй өөдтэйг нь шилж идээд байхаар нь “Мал өвсөө идэж хүн малаа идэж яваг” гэж хуваарь гаргаж өгчээ. Энэ цагаас хойш хүн малаар хооллох болсон гэнэ.
Тэгтэл чоно хоцорч хүрч ирээд бурхан багшаас “Би юу идэж ууж явах юм бэ?” гэж асуусанд бүх идэх уух юмыг нэгэнтэй хуваарилж дууссан учир чононд ингэж хэлжээ. “Чамд хүн юм зүгээр өгөхгүй. Эрийнхээ сайнд идэж уух юмаа өөрөө олж авч бай” гэсэн юмсанжээ.

Үсэг бичигтэй болсон тухай

Монголчууд үсэг бичигтэй болох гэж хэв маягийг нь эрж байжээ. Тэгтэл хонины арьс элдэж байгаа өвгөнтэй тааралджээ. Хонины элдсэн арьс нь цагаан цаас шиг, дээр нь тавьсан хэдрэг нь үсэг бичиг шиг харагджээ. Тэгээд үүгээр үлгэр загвар болгож монгол бичгийг зохиосон гэнэ. Мөн тод монгол бичиг бол дээрх бичгээс уламжилж авсан үсэг юм.

Хүнд нас хайрласан тухай

Бурхан багш нартын амьтанд насны хуваарь гаргах болж гэнэ. “Хүн бол их заяатай амьтан, насны хязгаар байхгүй, урт настай байлгая” гэсэнд нэг хүн тэндээс “Хүн үхэлгүй урт наслах юм бол газар дэлхийд багталцахгүй болно” гэжээ.
“За тэгвэл хүний насны хэмжээг яаж тогтоох вэ?” гэсэнд өөр нэг хүн “Хүний төрөх үхэх хоёрыг дүйлгэе. Өдөрт зуун хүн төрж байхад зуун хүн мөхөж байх жишээтэй байх юм” гэснээр хүний насны хэмжээг зуугаар тогтоох болжээ.

Хүний сэтгэл санаа

Эрт цагт хоёр бурхан, хүн хийгээд сэтгэл санааг нь ямар болгох тухай ярилцаж гэнэ. Нэг нь “Хун шиг цагаан болгоё” гэж. Нөгөө нь “Хэрээ шиг хар болгоё” гэжээ. Ингэхэд эхний бурхан “Хэрээ шиг хар болгочихвол хүн чөтгөр шулам шиг муухай санаатай болно доо” гэхэд хоёр дахь бурхан “Хэрэв хун шиг цагаан болгочихвол идэх уух юмаа амьтанд хувааж өгөөд өөрөө өлсөж үхэх болно. Ингэхлээр хүний сэтгэлийг шаазгай шиг алаг хийе” гэж зөвлөлджээ. Тийм учраас сэтгэл санааг шаазгай шиг алаг эрээн, хар цагаан хос болгосон гэнэ.

Тэрхийн цагаан нуур

Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ.Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй ажээ. Эл нуур Архангай аймгийн нутагт буй.

Зайсан толгой

Улаанбаатар хотын урд талд Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдэгийг хэн хүнгүй мэднэ. Анх энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх дов довцог болж улам томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нүүсээр байв. Богд шадар сайдаа цуглуулан энэ тухай ярьхад нэг цэцэн түшмэл нь:
-Төвдөөс Монголын модыг авчир гэж нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул юм байна. Иймд уг нь нэр цолд их дуртай учир цол өгвөл эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн “Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн рүү хошууран нүүхээ зогсчээ.

Газар хөдөлдгийн учир

Манзушири мэлхий болж хувилаад дэлхий ертөнцийг дээрээ тээж, гараа элгэндээ эвхээд хэвлийгээрээ хэвтэж гэнэ. Тэр мэлхийн нуруу нааш цааш болоход л энэ дэлхийд газар хөдөлдөг нь тэр гэнэ.

Уул ус бий болсон тухай

Эрт цагт нэг эмэгтэй бурхан, хүү нь нас бараад уйлж унжиж суухад нулимс нь гол мөрөн болоод урсаж байжээ. Өөр нэг бурхан энэ ертөнцийг эргэж тойрч явах гэтэл тэр урссан нулимс гол мөрөн болоод саад хийгээд байхаар нь тэр эмэгтэй бурханыг суугаа чигээр нь уул болгоод хувиргачихаж гэнэ. Уулнаас ургасан ургамал мод нь бурханы үс, ус мөрөн нь бурханы нулимс ажээ.

Дэлхий анх тогтсон нь

Манай дэлхий анх одоогийнх шиг хөрс шороо гэж байхгүй усаар бүрхмэл байсан гэнэ. Тэгээд Хурмаст тэнгэр ,,Галбингаа,, гэдэг шувууг манай дэлхий рүү явуулжээ.
Тэр шувуу гурван түмэн жилийн настай юм байна. Нэг түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гэнэ. Тэгээд үүрээ засах хуурай газар олдохгүй усан бөмбөлөг дээгүүр нисэж, нисэж эцэс сүүлд нь өдөө зулгааж усан дээгүүр үүр засаад өндөглөжээ.
Тэр зассан үүрэн дээр нь хумхийн тоос суусаар байгаад газрын хөрс үүссэн гэнэ. Гурав дахь түмэн жилд дээр гарсан өндөгнөөс янз бүрийн амьтан үүсэж, сүүлд хүн бий болжээ. Ингэж хөрс дэлхий тогтсон юм байна.

No comments:

Post a Comment