Эх хэл минь эвдэрч, этгээжиж, эрлийзэж, эзэнгүйдэхүйд эмзэглэдэг
Идэрийн
эх хэлний олимпиад-оюун соёлын их наадмын талаар тус олимпиадын ерөнхий
шүүгч Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, СХУ-ны
доктор, профессор Д.Баттогтохтой хөөрөлдөв. Тус олимпиад нь Завхан
аймгийн Идэр сумд 13 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байна.
1
-Хоёул хөөрөлдөөнөө эх монгол хэлнийхээ тухай яриагаар эхэлье. Таныхаар эх хэл гэж юу вэ?
-Энэ орчлонд эрдэнэт хүмүүний биеийг олж
төрнө гэгч ховор хувь зохиол, олдохуйяа бэрх буянт үйл хэмээдэг. Хүн эх
орон, эх хэл, эх эцэг гураваа сонгож төрдөггүй, тэд заяадаг юм. Төрмөл,
заяамал эх хэлээ хүн өсөхөөс сурч, өдөр, цаг, хором, мөч, үе бүртээ
үргэлж хэрэглэсээр амин амьсгаа отголдог. Өнөд мөнх, үнэ өртөггүй, хэзээ
хаана ч хэрэглэдэг, хэдийд ч бэлэн зэлэн байдаг, хэнийг ч ялгадаггүй,
эзэндээ үнэнч зарц мэт үйлчилдэг эрхэм нандин зүйл бол Эх хэл. Иймд хүн
бүр эх хэлээ эх орон шигээ, эх эцэг шигээ энэрэн энхрийлж, хайрлан
хамгаалж, хүндэтгэн дээдэлж, шүтэн биширч, зөв сайнаар хэрэглэж явах
учиртай.
1
-Тэгвэл өнөөдөр манай эх хэлний байдал ямар байна?
-Харуусал халаглалтай нь, өнөөдөр эх хэл
минь их л эвдэрч, этгээжиж, эрлийзэж, эзэнгүй мал мэт болж байна. Хэл
яагаад эд шиг эвдэрдэг билээ гэж гайхах хүн гарах байх. Тэгвэл эвдэрсэн
эдлэл, эдэлгээгүй эд ямар байдагчлан, эх хэл минь яг тэгж эвдэрч,
эдэлгээ хэрэглээ нь муудаж байна. Тухайлбал, хэлийг тээж явдаг үг,
нөхцөл, өгүүлбэрийн бүтэц, байр, хувирал гажиж эвдэрч байгаагийн ганц
хоёр жишээг хэлбэл, “Чиний ирэхээр уулзана би”, “...хэлж байна” гэхийг
“...тэгж байгаа юм” гэж эвдэрсэн бүтэцтэй өгүүлбэрээр эг маг ярих, эсвэл
монгол хэлний үгийн бүтэц, үг бүтэх ёсыг зөрчиж,үйл үндсэн дээр хэвийн
–лц, –лага гэх нөхцөл дахин давхарлан орох ёсгүй байтал хэвлэл
мэдээллээр дүүрэн “ярилцлага” гэсэн үгийг идэвхтэй хэрэглэж байна. Хэрэв
үйл үг ингэж бүтэж шинэ үг үүсвэл “явалцлага”, “үзэлцлэг”, “мэдэлцлэг”
гэхсэн. Тиймээс та бид хоёр ардын хэлээр \этнолингвистик\ “хууч хөөрөх”
гэсэн уугал монгол үгээ сэргээн, ярилцлага бус “хөөрөлдөөн” гэсэн нэр
үгийг хэрэглэв \зочин онцлов\. “Н”-гүй байсан үгэнд “-н” гарч ирэх
үзэгдэл орчин цагийн монгол хэлний зүй тогтолт үзэгдэл үү, эсвэл хэл
ярианд гарсангажуудал уу гэдгийг багш сурагчид төдийгүй мэргэжлийн
эрдэмтэд төөрч будилах болов. “Гарын тос уу”, “гарны тос уу”,
“сургалтад”, “сургалтанд” аль нь зөв бэ?, ийм жишээ маш олон. “Дүүгээ
дагуулж...” гэж ерөнхийлөн хамаатуулахын нөхцөлтэй бичиж найруулах
байтал “Өөрийнхөө дүүгээ дагуулж” гэж хэлнийхээ ерөнхий зүй тогтлоос
гажсан илүү үг нөхцөлтэй бичих нь буруу. Сэтгэхүй гажвал хэл гаждаг жам
зүй ёсоор монголоор зөв сэтгэж, түүнээ монгол хэлээр оновчтой
илэрхийлэхгүй болүг яриа ээдэмширч, монгол ухаан, сэтгэхүй булингартан
балархайших билээ.
Монгол хэлэнд хамуу мэт халдварлан
тархаж, хачиг мэт шимэн шигдэж байгаа үгийн сан дахь нэгэн бүлэг үгс бол
этгээд үг юм. Нийгэм хэл шинжлэлд этгээд үгийг хэлэндээр гарсан “яр
шарх”, “хэлэнд ургасан өргөс” гэж адварладаг атал одоогийн хүүхэд
залуучуудын хэл ярианд этгээд үг, аялга “газар авч”, хэв ерийн хэрэглээ
болж хэвшин, хүмүүжил соёлгүйн гэрч болж байна. Манай хэлний эрдэмтэд ч
харь үг, этгээд үг, хуучин үгийг зориуд эрхэмлэх мэт “Мон-судар”
хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг цувралаар эдгээр үгийн тайлбар толь
зохион хэвлэсэн хэрнээ “Монгол хэлний хүндэтгэлийн үг”, “Ерөөл
бэлгэдлийн үгийн толь” гаргаагүй байгааг юу гэж үзэх вэ? Этгээд үг
элбэгших ёсгүй байтал ийм толь хэвлэж, хэрэглээг нь улам нэмэгдүүлж
байгааг хэний эрх ашиг, ямар бодлого, зорилго гэх вэ? Газрын хаа сайгүй
сагсайтал багсайтал ургадаг хогийн ургамал, шарилж лууль шиг эх хэлэнд
маань элбэг дүүрэн байгаа этгээд үгийг энд жишээлэх хэрэггүй биз. Монгол
хэлийг мохоож байгаа, магадгүй мөхөөж ч мэдэх харь хэлний цагаач үгийн
довтолгоо даяаршлын эринд далайн давалгаа мэт урсан түрэн орж ирж байна.
Бид ч энэ урсгалд аяндаа автагдан, нэмэр дээр нь нэрмээс гэгчээр
өөрсдөө харь үгээр халуурцгаах болов. Монгол хэл түүхэн хөгжлийнхөө урт
замд хөрш зэргэлдээх орны хэл соёлын нөлөөнд татагдан орсноор эх хэлний
нийгмийн үүрэг буурах, үгсийн сан бохирдох, хэрэглээ хумигдах, хэл
сэтгэхүй харьжих зэрэг аль олон гажуудал гарсан гэх вэ. Эртний дорно
дахины соёлт улс-хятад, манж, төвд хэлбичгийн нөлөө ардын хувьсгалаас
өмнөх манай хэлэнд эзэрхийлэн ноёрхож байсан бол ардын хувьсгалын дараах
70 гаруй жилд орос хэлний засаглал ноёлох болсон. Харин эдүгээ англи
зэрэг бусад хэлний хүч түрэмгийлэл эх хэлийг эрлийзүүлж, зарим үед бүр
хурлийзуулж байгаа нь та бидний нүдний өмнө илэрхий, чихний тосгуурт
чийртэй, оюун ухааныг ч хордуулж байна шүү дээ.
Одоогийн хотожсон охид хөвгүүдийн аманд
олон хэлний холимцог болсон эрлийз, хурлийз үг яриа уяатай явдаг болов.
Харь хэлний ормол үгийг орчуулалгүй тэр хэвээр нь ширхэгчлэн самнаж
хэлэх, эсвэл орчуулах нэрээр “оршуулах”, түүнийгээ олон хэл мэддэг,
боловсон сэхээтэйн чимэг хэмээн бодох нийгмийн сэтгэлзүй бүрдэхийг
дагаад монгол хүний сэтгэхүй сэтгэлгээ ихэд харьжив. Хотын гудамж
талбайг “чимэглэсэн” элдэв эрээн мяраан хаяг, зар сурталчилгаанаас аваад
өдөр бүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний шошго тэмдгийн нэр
ихэнхдээ гадаад үг, үсгээр бичиглэсэн байгааг хэн хүнгүй хэлж шүүмжилдэг
боловч, үүнийг засах, хянах үүрэгтэй төрийн байгууллагууд чихэн дүлий,
нүдэн балай, ам гарыг хамхин сул сувай суусаар байна. Монгол ардын дуунд
дуулдгаар “Тавхан үгэндээ танигдаад байна даа” гэдэгчлэн, ам ангайж
арав тавхан үг хэлэхдээ алба мэт наанадаж нэг хоёр харь үг хавчуулж ярих
нь энүүхэнд.
Эзэнгүй хэл гэж хэрэв байвал тийм хэлийг
мөхсөн хэл гэнэ. Эзэн нь байвч эх хэлээ доршоон үзэж доодолдог
сэтгэхүйтэй, үндэстнийхээ хэлийг хамгаалж байх үүрэгтэй төр нь хойд
эхийн сэтгэлээр хандаад байвал хэдийгээр амьд хэл боловч “мөхсөн” мэт,
хэрэглээтэй хэл ававч хэлгий, хэлтгий заяатай байх авай. Монгол хэлийг
эзэнгүйдүүлж байгаагийн гол буруутан нь Төр засаг. “Эх хэлний тухай
Монгол Улсын хууль” /2003/ байвч, нэг ч заалт нь арван жилд огт
хэрэгжсэнгүй, хууль бус “гууль” болсон энэ хуулийг харин одоо
шинэчлэхээр хэсэг гишүүд Эх хэлний тухай хуулийг боловсруулаад байгаа
билээ. Хэрэгждэг, хэрэгжүүлдэг сайн хуультай болоосой билээ, тэгвэл
монгол хэл эзэнгүйдэхгүй, өнчрөхгүй, эцэг эхтэй хүүхэд шиг эрх
тааваараа, өмгөөлж хамгаалдаг, өсгөж өргөдөг эзэнтэй болохсон.
1
-Таны хэлснээр эх хэлний байдал
ийм байхад бид Улаанбаатараас 1000 км-ийн чанад байх Завхан аймгийн
Идэр сумд жил бүрийн хаварт өргөн бүрэлдүүнтэй төвийн баг зорин очиж, Эх
хэлбичгийн олимпиадыг явуулж байгаагийн эцсийн зорилго, утга учир, ач
холбогдлын талаар ярина уу?
-Тун цаг үеэ мэдэрсэн, “нүдээ олсон”
ажлыг “Үлэмж эгшиглэн” сангийнхан санаачлан явуулж байгаагийн цаадах
учир нь хойч үеийнхэн маань эх хэлээ эрэмдэг зэрэмдэг мэддэг, үггүй
дохио зангаагаар харилцдаг “хэлгий даадаг” болчих вий, үндэсний
хэлбичгээ үл ойшоон үгүйсгэх вий, асар баян өв сантай аман болон бичгийн
утга зохиолоо уншихгүй болчих вий, үндэсний зан заншил, угсаа соёлоо
гээх вий, монгол үзэл суртахуунгүй, бахархал омогшилгүй, эх оронч
сэтгэлгээгүй болчихвий...тэгвэл монгол хүн болж /болгож/ чадахгүй гэсэн
алсыг харсан зөнч мэргэн санаагаар энэ ажлыг эхлүүлсэн байх. Түүнээс бус
зөвхөн багшдаа хүндэтгэл өргөж, Лу.Лхагважав багштаны нэрэмжит олимпиад
төдийгөөр наана бодож болгоогоогүй гэдэг нь жил ирэх бүрийн Идэрийн эх
хэлний олимпиад, түүний эргэн тойронд болдог оюун соёлын монгол их
наадмын өрнүүн дэлгэр үйл ажиллагаанаас харагдаж байна. Эх хэл бол
үндэсний соёлын цөм мөхлөг нь болохоор даяаршлын ертөнцөд цөөн
монголчууд уусч усталгүй тэсэн үлдэхийн тулд хэл соёлоо авран хамгаалах,
монголоо монголоор нь авч үлдэн хөгжүүлэхэд эх хэл л эрхэм чухал шүү
гэдгийг өсөх багачуудаас эхлээд өвгөд настанд хүртэл мэдүүлэхийн учирт
энэхүү олимпиадын эцсийн зорилго оршиж байгаа юм.
Бүтэн жилээр Идэрийн эх хэлний
олимпиадад бэлддэг багш, сурагчдын монгол хэл, монгол бичиг, уран
зохиолын мэдлэг чадвар мэдэгдэхүйц сайжирдгаас эх хэл, үндэсний монгол
бичгийн ирээдүйн сайн мэргэжилтнүүд давхар бэлтгэгддэг, мөн сурагч
багачуудын үг утгын мэдрэмж, уран сайхны сэтгэлгээ, ургуулан бодох уран
авьяасыг нээн хөгжүүлэх, урмасыг тэтгэхэд манайнэртэй зохиолч, уран
бүтээлчид тухайлбал, дэлхийн соёл утга зохиолын академийн хүндэт доктор,
нэрт зохиолч, яруу найрагч, гүн ухаанч Д.Урианхай, ардын уран зохиолч,
СГЗ, яруу найрагч Д.Цоодол, дэлхийн соёл утга зохиолын академийн
ерөнхийлөгч, СГЗ, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо, СГЗ, утга зохиол
судлаач, доктор, зохиолч До.Цэнджав, хөгжмийн зохиолч, УГЗ Бямбабаяр,
Г.Сэр-Од, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Х.Чилаажав, Б.Золбаяр,
Б.Батхүү, А.Мягмаржав, Н.Гантулга... нарын шүлэг зохиол, дуу хөгжмийг
сонсож, тэднээс зөвлөгөө авч багш шавийн барилдлага тогтоосноор ирээдүйн
сайн бичгийн бүтээлчид, урлагийн авьяастан, соёлын зүтгэлтнүүд ч манай
олимпиадын сурагчдаас төрнө гэдэгт итгэлтэй байна.
1
-Энэ жилийн олимпиадын онцлох зүйл юу байна?
-“Идэрийн эх хэлний олимпиад” зөвхөн нэг
сумд болдог ч гэсэн энэ олимпиадын сураг занги, сүр дуулиан очноос дөл,
дөлнөөс гал болон бадарч, хамрах цар хүрээ нь баруун бүсээс нэгэнт
хальж, энэ жилээс төвийн бүс рүү шилжиж байгаагаас оролцох багш,
сурагчдын тоо нэмэгдсэн, “Үлэмж эгшиглэн” сангаас гаргаж буй хөрөнгө
санхүү ч нэмэгдсэн, түрүүлсэн багш, сурагчдыг хөхүүлэх бай шагналын
мөнгө ч нэмэгдсэн, тэр ч байтугай шүүгчдийн бүрэлдэхүүн ч нэмэгдсэн гээд
хасагдахуун бус нэмэгдэхүүн тоо гарч байгаа нь онцлох зүйл болов уу.
Энэ олимпиадад оролцохоор шинээр Ховд, Архангай, Дундговь аймгаас хоёр ч
сургууль, Хөвсгөлөөс арав гаруй сургууль, Орхон, Дархан-Уул, мэдүүлгээ
өгч эхлээд байгаа.
Бас нэг онцлох зүйл нь, манай олимпиад
баруун бүсийн нутагт болдог учраас гол оролцогчид нь баруун аймгийнхан.
Тиймээс Монголын утга зохиолын хэлийг бүрэлдүүлэн хөгжүүлдэг нутгийн
аялгуутнууд энд оршин суудаг. Баяд, дөрвөд, торгууд, захчин, өөлд гээд
ойрад хэл аялгуутнууд, сартуул, илжгэн халх, хотгойд гээд нутгийн
аялгуутны төлөөлөл болсон багш, сурагчид оролцох тул монгол туургатны
оюун соёлын их наадмын энд хүрэхүйц арга хэмжээ зохион байгуулагдана.
1
-Энэ жилийн олимпиадын уралдааны сэдэв, агуулгад өөрчлөлт орсон уу?
-Ороогүй. Анхнаасаа багш, сурагчдын
олимпиадын сэдэв, агуулга тогтвортой, түүний тал хувийг монгол бичгийн
мэдлэг чадварыг шалгах даалгавар эзэлдэг, уран зохиолын онол, түүхийн
сэдэв, монгол хэлний эх судлал, найруулгазүй, үгсийн сан, утга зүй, хэлц
гээд хэлний хэрэглээний чиглэлтэй агуулга сэдэв зонхилдог, үүнээс
цааших нь “улсын нууц”-ын зэрэглэлтэй. /хошигнон инээв/
1
-Олимпиадын шагналын сан, урамшууллын талаар?
-“Үлэмж эгшиглэн” сангаас зохион
байгуулдаг олимпиадад түрүүлсэн багш, сурагчдад олгох харамж шагналыг
жил бүр нэмдэг, нэмэх нэмэхдээ өмнөх жилийнхээс багш нарынхыг нэг саяар,
сурагчдынхыг 30-20 хувиар нэмсэн мэдээг сонордуулахад таатай байна.
Тухайлбал, мэргэжлийн багш нарын олимпиадад тэргүүн байр эзэлсэн багшид 3
сая төгрөг, хорин цэн мөнгө, нэг цэн алтаар монгол дархны урласан “Багш
дор мөргөмү” эрдэнийн тэмдэг, дэд байрт 2 сая төгрөг, гутгаар байрт 1
сая төгрөг, тус бүр өргөмжлөл, бага ангийн багш нарын олимпиадад
мэргэжлийн онол, аргазүйн мэдлэг чадвараараа шалгарсан нэгдэх дэсийн
багшид 1 сая төгрөг, хоёрдахь дэсийн багшид 700000 төгрөг, гутгаар
дэсийн багшид 500000 төгрөг, Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтний
уралдаанд түрүүлсэн багшид 300000 төгрөг, эсээ бичлэгийн уралдаанд
тэргүүлсэн сурагчийг алтан медаль, 300000 төгрөгөөр тус тус байлахаас
гадна мөн олимпиадын зохион байгуулах багийн гишүүд-яруу найрагч,
зохиолчид, дуучид, шүүгчдийн бичсэн ном, гарын авлага, толь бичиг, Сиди,
DVD цомог зэргийг дурсгал болгон гардуулах юм. Эдийн засгийн хямрал
нүүрлэж байгаа энэ цаг үед Идэрийн эх хэлний олимпиадын шагнал ийнхүү
нэмэгдсэн нь юутай баяр.
1
-Олимпиадын уралдаан тэмцээнийг тойрсон өөр ямар ямар ажлууд зохион байгуулагдах вэ?
-Мэдээжээр, Идэрийн эх хэлний олимпиадад
Монгол хэл-уран зохиолын багш, анхан шатны сургуулийн багш нар, V-ХI
ангийн сурагчдын дунд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын
боловсролын өнөөгийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд
мэдлэг, чадвараа сорих уралдаан болоод зогсдоггүй, ахлах ангийн
сурагчдын дунд “Эсээ бичлэг”-ийн уралдаан, олимпиадад оролцогчдын дунд
“Хүмүүн бичиг” сонинтой хамтран “Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн
шалгаруулах уралдаан”, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулгын
нэрэмжит шүлгийн уралдаан зэргийг зохион байгуулж, авьяастан сурагч,
мэдлэг чадвартан багшийг шалгаруулан шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Түүнээс гадна “Үлэмж эгшиглэн” сангийн багийн бүрэлдэхүүнд зохиолч яруу
найрагч, хөгжмийн зохиолч, дуучид, бөхчүүд зэрэг манай улсын урлаг,
соёл, спортын нэртэй алдартай хүмүүс багтдаг учраас сумын хөдөлмөрчид,
олимпиадад оролцож байгаа багш, сурагчдын дунд уншигч зохиолчдын уулзалт
зохиох, урлагийн тоглолт үзүүлэх, соён гэгээрүүлэх лекц унших, цэнгүүн
цэнгүүлж бөх барилдах, морь уралдах зэрэг олон үзүүлбэр тоглолт буй.
Түүнчлэн шүүгчид сурагчдын олимпиадын
завсар чөлөөгөөр мэргэжлийн болон бага ангийн багш нарт үзүүлэх хичээл
заах, лекц унших, зөвлөгөө өгөх, сургалтын нэгж хичээлийн хөтөлбөр
хамтран боловсруулах зэргээр багш нартай тулж ажиллаж, тэдний мэдлэг
мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг явуулдаг юм.
1
-Хоёул хөөрөлдөөнөө эх монгол хэлнийхээ ирээдүйн талаар ярилцаад өндөрлөе.
-Дусал мэт хөөрөлдөөнөө “эх хэл минь
эвдэрч, этгээжиж, эрлийзэж, эзэнгүйдэж” байгаад сэтгэл эмзэглэдгээ
илэрхийлсэн “амны бэлэггүй” үгээр эхэлсэнээ цайруулъя. Үнэнхээр манай
монгол хэл маш эртний гаралтай, дэлхийн хэлний бүлэгт Алтай язгуурын
хэлнүүдийг ахалдаг, монгол бичгээр титэмлэсэн 10 гаруй бичгийн утга
зохиолын хэлтэй, тэвэр тэврээр бус, тэрэг тэргээр тээвч багтаж
барагдахгүй гар бичмэл, барламал ном, дурсгал бичиг, сурвалж судартай,
судлавч баршгүй, суравч дуусашгүй монгол эрдэм ухааны дэлхийд гайхагдах
хосгүй оюун соёлын бүтээлийн асар баян өв сантай, эл хэлээр хэзээнээс
цөөвтөр хүн ам хэлэлцсээр ирсэн тул яриа болоод бичгийн хэлэнд нь зааг
ялгаа бараг гараагүй, хувьсал өөрчлөлт төдийлэн бага, газар газрын олон
монгол хэл аялгуутнууд зөвхөн монгол хэлээрээ саадгүй чөлөөтэй
ойлголцдог, аман болон бичгийн хэлний аль аль нь амь бөхтэй оршиж,
амьсгаа халуун байгаа хэл билээ.
“Идэрийн эх хэлний олимпиад” шиг ийм
сайн ажлын эхлэл, өрнөлийг “Үлэмж эгшиглэн” сан тун ойрмог уламжлалын
дагуу зохион байгуулах гэж байгаад баярлан талархахын сацуу эх хэлээ
харь хэлнээс хэзээд дээгүүр тавьж, нийгмийн үүргийг нь ямагт
дээшлүүлэхийн төлөө хаврын ногоо үндэс түрэн соёолон ургах мэт, урсгал
усыг тэтгэн ундран бургилж буй булаг шиг, өдөр сарыг түлхэн өсөж, өнгө
зүс, өлч бие нь жавхаажиж буй ирээдүйн хүүхэд багачуул маань эх хэлээ
эрхэмнэн дээдлэн сурч, эзэн шиг эзэн баатар байж, элдэв цаг бусын аюулд
автаалгүй,гажуудал завхралд оруулалгүй, үе үеийн үрэгдэлд өртүүлэлгүй,
цаг цагийн урсгалд буртаглан бохирдуулалгүй авч явж, оройн дээд шүтээн
шидээнээ болгож чадваас Эх сайхан Монгол хэл минь үл эвдэрч, эсэтгээжиж,
бүү эрлийзэж, эзэнгүйдэхгүй байхболтугай гэсэн аман зөвтэй ерөөл
бэлгэдэлтэй үгээр өндөрлөсү.
No comments:
Post a Comment